Болдог бол

stezeqq
2 min readSep 23, 2024

--

Буцмаар санагдах юм. Буцаад ч нэмэргүй юм болов уу?

Хичээлээ тараад гэрийн даалгавар хийхээсээ зугтдаг, байрны голд гадаа хүйтэртэл тоглодог, найзынхаа сайн хүүг харах гэж бөөндөө ажил дээр нь очиж кимбаб авч иддэг, найзыгаа найз залуутай нь уулзуулах гэж сургуулийн коридорт өнждөг, төмс дутуу арилгалаа гэж ээжээрээ загнуулдаг байсан ахлах ангийн нас руу буцмаар санагдах юм.

Зуны амралт эхлэв үү үгүй юу өвөө эмээгийндээ очдог, үүрийн таван жингээр үнээ малаа саадаг, гэрийн сүүдэр дагаж ааруул мэрж хэвтдэг, бороо орохоос урьтаж өрх татдаг, аргал түүх нэрийдлээр хээр өнжиж залхуурдаг, наадмаар гэр харж үлдэхгүй гэж уйлж дуулж эрхэлдэг бага насруугаа буцмаар байна.

Тэр үед том болно гэдгийг хүсдэг байсан. Том хүн л боляихвол бүх зүйл болчих юм шиг санагддаг байж. Хэрвээ бид энэ газрыг хэрхэн өнгөрөөх, юутай тулгарах, юуг давж туулах шаардлагатайгаа эхнээс нь мэддэг байсан бол ингэж их зовж, ийм их сэтгэлээ чилээхгүй л байсан байх даа. Амьдрал ямар заавартайгаа ирэх биш гэдэг үг хүртэл үнэн байх гэж. Би хэцүү байна гээд бууж өгчихсөн атлаа зогсохгүй, өнгөрөөхгүй бүгдийг хийж, бодож байгаагаа харвал буугаад өгчихөөгүй ч юм шиг. Тэгсэн атлаа өдөр хоног өнгөрөх тусам зарим үгс, үйлдэл, мэдрэмж, хандлага бүгдийг нь мэдэрч, түүнд бачуурч, өөрийгөө голж, өрөөлийг гомдоосоор байгаагаа анзаарахаар аль хэдий нь замхарчихсан ч юм шиг.

Биеийн амарыг олохоос илүү сэтгэлийн амарыг олчих юмсан. Олдохгүй юм болов уу? Бүгд л анх удаа амьдарч үзэж байгаа гэж бодохоор энэ зүйлсийг хүлээн зөвшөөрөөд урсгал дагаж урсмаар ч юм шиг. Гэхдээ тийм байхыг хүсэхгүй байгаагаа огтхон ч мартдаггүй. Мартахгүй болхоор тайвшрахгүй. Үргэлж дутуу санагдаж, дутуугаа дүүргэхийн эрэлд гарчих юм. Эрлээ гээд олохгүй, олох үйлдэл хийхгүй. Яах ч ёстой юм бэ?

Дуусаж дундардаг болоосой энэ бодлын манан.

Болдог бол, болдог бол больчих юмсан, дуусгамаар байна. Дуусаад өгөөсэй.

--

--