Би бодохдоо….

stezeqq
2 min readSep 11, 2024

--

Туулаад гарсан хүнд мэдрэмж, сэтгэл хөдлөл, тээсэн гомдол, цөхрөл гуниг бүгд эдгэсэн байх ёстой гэж итгэж явсан юм. Гэтэл тэдгээрийн өчүүхэн хэлтэрхий нүдэнд тусах мөчид өнөөх мартсан байсан хэцүү зүйлс сэтгэлийн аль ч мухраас юм мэдэхгүй гарч ирээд хоолой боочихдог юм байна.

Энэ газар би зүгээр л хайртай хүмүүстээ, хамт байхад тухтай бүх зүйлсдээ сэтгэлээ илэрхийлээд, мэдэрсэн мэдрэмжээ, сайн ч бай муу ч бай тохиолдсон зүйлсээ дэлгэж, илэн далангүй, би ийм хүн шүү, ингэж оршиж байгаа шүү гэдгээ харуулаад амьдарч болно гэж бодсон. Гэвч амьдрал тийм биш юм байна. Би бусдын хэлсэн муухай үгс, намайг гэмтээсэн новшийн үйлдлүүдээс болсон уу? эсвэл эцэс төгсгөлгүй ургаж ундарсаар байгаа бодлуудаасаа болсон уу? ямар ч шалтаг шалтгаантай байсан өөртөө итгэх, бусдад итгэх мэдрэмжээ улам л алдсаар байна. Бусдыг таньж хэзээ сурах юм бол? Асуултгүй хэнийг ч танихыг хүсэхгүй болчих шиг боллоо. Би хүнд итгэж үнэхээр чадахгүй нь ээ. Хэнийг чинь ч хэнээс илүү мэдэх юм шиг санагдахгүй байна. Би ингэхэд хэн ч юм? Яагаад ч энд ингэж бичиж суугаа юм? Ямар хэцүү юм бэ? Яагаад ийм хүнд байгаа юм? Та нар ер хэн юм? Яагаад тухгүй байгаа, таалагдахгүй байгаа амьдралыг минь улам дордуулж байгаа юм?

Угаас утга учир хайж дуусахгүйн дээр давхар энэ их олон биесийн дунд хоног өдрийг элээнэ гэдэг хэзээ зогсох нь мэдэгдэхгүй аадар бороон дунд намагт шигдэн алхаж буй мэт санагдаж байна.

Хүмүүс үнэхээр хүмүүс мөн юм болов уу? Яагаад нэгэндээ ингэж хатуу ханддаг юм бол? Яагаад нэгнийгээ гэмтээдэг юм бол? Яагаад зөвхөн өөртөө анхаараад амьдарч чаддаггүй юм бол? Яагаад хэрэгтэй хэрэггүй бүх зүйлсийг амныхаа зоргоор бурдаг юм бол? Яагаад бусдынхаа мэдрэмжийг шүүдэг юм бол? Яагаад бусдын сэтгэлийг гэмтээдэг юм бол? Яагаад өөрсдийнхөө хар бараан талаас зугтаадаг юм бол? Яагаад?

Бүх зүйлс түр зуурынх гэж надад хэлж байсан л даа. Гэхдээ энэ түр зуурын мэдрэмжийн хүнд хөнгөнийг нь яаж ялгах ёстой юм? Надад хөнгөхөн, дулаахан, амархан, энэ газар орших нь өөрөө тайтгарал, амар амгалан болох цаг хугацаа хэзээ ирэх юм бэ? Эсвэл огт ирэхгүй юм уу?

Хариулт хэрэгтэй байна.

--

--