Эрчим хүчээ зарцуулах хийгээд олохын тухайд

stezeqq
3 min read1 day ago

--

Тархи. Энэ бүх зүйлсийн хариу нь зүгээр л толгой дотор минь байдаг 1,3–1,4кг эрхтэн. Энэ хэрхэн бий болж, хүрээлэн буй орчноос мэдээлэл цуглуулж, хадгалж, боловсруулж буй нь өнөөх хаана байдаг нь үл мэдэх сэтгэл гэдэг эрхтнийг ажиллуулж буй мэт.

“Ганцаараа баймаар байдаг. Бусдад гай болохгүй, бусдыг ч өөртөө тээр болгохгүйгээр оршмоор байдаг” гэж наснаасаа ч олон удаа бичиж байна даа. Угаас тэгэх боломжгүйг аль хэдийн туулаад, мэдрээд, туршлагажчихсан хэр нь л өнөөх бодолдоо бууж өгмөөргүй байдаг.

Найзууд, гэр бүл, ажлын хамт олон, танилууд. Энэ бүх хүмүүстэй зэрэгцэж амьдарна гэдэг миний хувьд хэцүү санагдах зүйл ч гэлээ хэцүү гэж бодохгүйгээр өдөр хоногийг өнгөрөөж сурч байна.

Хэд хэдэн хүмүүстэй “Бид хэрхэн амьдарч байна вэ?” гэдэг асуултын хариултыг олохоор багагүй цаг хугацааг зарцуулсан юм.

Хариулт 1: — Болж л байна. Сэтгэл уужим, цээж дүүртэл амьсгал авахгүй байгаа ч гэлээ би өөрийн мэдсэн, сурсан зүйлсээ бусдад хуваалцаж байж энэ газар орших эрчмээ олоод ч байх шиг санагддаг. Би хуваалцах дуртай. Миний хэлсэн хэдэн үгсийг сонссон хүмүүс хоорондоо ялгаатай. Амнаас минь гарсан хий хоосон зүйл гэж хүлээж авах нэгэн байхад, үг бүрийг минь алдалгүй сонсоод өөрийн амьдралдаа ашиглаад, бүтээмжтэй, сайхан цаг хугацааг бүтээхээр хичээж байгааг нь харах таатай байдаг. Би тэгж л амьдарч байна. Тийм байх нь надад хангалттай.

Хариулт 2: — Өчүүхэн л дээ. Энэ хорвоог туулах цаг хугацаа, хийж бүтээх зүйлс минь бүгд өчүүхэн. Тийм өчүүхэн зүйлсийг бий болгоод, давж гараад өдөр хоногийг элээх гэж хичээж байна. Нэгэнт л энд ингээд төрчихсөн хойно, учрал бүрийг, үйл бүрийгээ үнэ цэнтэй байлгах гэж хичээж л байна. Хичээхгүй гээд ч яах юм. Тэгэх ёстой биш тэгэх үүрэг хүлээсэн гайхалтай хувь заяа, амь галыг атгаж төрсөн бодь гал шүү дээ, бид нар чинь. Дотор чинь багтахгүй түмэн бодол, мэдрэмж, үгс байгааг анзаарч байна. Уулын оргил дээр гар. Тэгж байж бид өөрсдийнхөө өчүүхэн амьдралыг тодоор тольдож чадна. Балчиртай тогло. Өөрийгөө тийм жижигхэн гэгээлэг оршихуй байсныг хэзээ ч битгий март. Би хийж бүтээж байж энд оршиж чадаж байна. Миний эрчим тэр зүйлсээс л надад ирж амь голтой байлгадаг байх.

Хариулт 3: — Бид амьдарч байгаа юм уу? Энийг амьдрал гэж нэрлэдэг юм уу? Би лав тэгж бодохгүй байна. Би өөрийгөө бидний нүдэнд үл үзэгдэх өөр нэг газрын хурууных нь үзүүрээр хөдөлдөг жижигхэн тоглоом шиг л мэдэрдэг. Миний алхаж, амьсгалж, идэж, ууж, бүтээж байгаа минь миний хүслээр биш тэдний хүслээр бий болж байгаа гэж хэлж болох л юм. Ямартай ч цаг хугацаа, амьдрал гэдэг надад тийм ч чухал биш ээ. Ийм юм байдаг юм байна, ингэх л хэрэгтэй юм шиг байна гэсэн алхмаа хийж, хэдэн тоогоор илэрхийлэгдэх өдөр хоногуудыг элээж байна. Миний эрчим дуусахгүй, багасахгүй. Намайг үхэх үед л зогсох байх даа.

Тэд тэгж амьдардаг байх нь. Харин би жил ирэх тусам бодолд минь хуримтлагдаж хураагдсан бодлуудыг нүдэнд харагддаг болгосон үедээ, зурж бичиж, хоолойноосоо дуу хуур, хөг эгшиг болгон гаргасан үедээ хүнд гэж нэрлэгдээд удаж байгаа энэ газар орших эрчим хүчээ эргүүлэн олж байна. Анхнаасаа л эргэн тойрондоо олон хүмүүстэй холбогдох хүсэл бага байсан болоод ч тэр үү, сүүлийн үеийн амьдрал минь амнаас минь хэтэрхий их үг гаргахыг шаардаад байгаа тул улам л эрч хүчгүй болж буйгаа мэдсэн гэж хэлбэл буруудахгүй л байх. Бид бүгд л өөр өөрийн гэсэн тархитай. Тархи бүр хоорондоо үл давтагдахуйц ажиллаж буй тул хэнийг ч шүүхгүйгээр зүгээр л бодлыг нь хуваалцаж, өөрийнхөө учир утгагүй, эмх замбараагүй, эрээ цээргүй байдлыг нь эмхлэхийг л хүсэж байна.

--

--