Хариулт олдох нь уу?

stezeqq
2 min readAug 27, 2024

--

Анх бодохдоо “Нэг ойгоос нөгөө ой руу ороод л явах юм даа. Талд гарч тэнгэр хараач, ганцаараа бай л даа. Хаширдаггүй юм уу?” гээд нилээн хэдэн удаа өөрийгөө хорих, бодол мэдрэмжээ хаах гэж хичээсэн юм байна.

uitgartai udriin sketch

ТОДОРХОЙ. Тодорхой гэдэг үгний тод нь хаана байдаг вэ? Би ч, чи ч, бид бүгдээрээ хэзээ ч тодорхой байхгүй юм байх даа?

Дээр бодсон бодлоосоо эрс өөрчлөгдчихсөн мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Тодорхой биш байна гэж санаагаа чилээж, ургуулан бодож явсаар хичнээн ч удав даа?

Санаа зовох гэдэг ерөөс дуусаж дундардаггүй эд бололтой. Хүн гэдэг тэгээд бусад амьд биетээс ялгардаг өнөөх гайт үзэл бодол, тархи мэдрэмж гэдэг юмнаасаа болоод тайван байх боломжийг ч өөртөө олгож чаддаггүй арчаагүй амьтан юм. Ургуулан бодох, тааж мэдрэх гэдэг зүйл зөвхөн надад л мэдрэгдэнэ. Тэгээд түүнийгээ ил гаргаад илэрхийлээд тодорхой байя гэхээр чадахгүй. Чадъя аа гэж бодсон ч ямар хэрэгтэй гэж? гэдэг асуултанд захирагдаад байрандаа таг гацна. Байрандаа гацах хугацаандаа усалж ургуулаад хогийн ургамал тарьчихсан байна. Эцэст нь өнөөх хогоо тээж тэссээр л энэ газар орших шаардлагатай.

Амьсгалж чадахгүй, цээж хүндүүрлэнэ. Үгүй дээ, ингэх хэрэггүй гэж хичнээн хичээсэн ч байсан байрандаа буцаад л ирчихнэ. Төөрсөн ойгоосоо гарах биш төөрсөн замаа хүртэл олохгүй болтлоо бүдэрнэ. Гэрэл тусахгүй, салхи үлээхгүй. Утга учир хайж энэ насыг барахын шаардлага хаана байна аа.

Хаанаас ирснээ ч мэдэхгүй хайж төөрч явсаар л дуусах газар уу? Элээж дуусах цаг хугацаа, өдөр хоног юм байх даа?

Өөрийгөө дахиад л зүхээд эхэлчихэв. Үзэн ядаж байна. Өнөөх бодлыг ор сураггүй алга болсон гэдэгт итгэж байсан ч дахиад л гараад ирчихэв.

Үхэл хэзээ надад ирэх вэ? Хүлээж чадахгүй юм шиг санагдах боллоо. Би тодорхой байдлыг хүссэн ч өөрөө хүртэл тодорхойгүй болчихоор чинь өөр хэн ч, юу ч надад ТОДОРХОЙ санагдахгүй байх л даа….

--

--